Slide background
Slide background
Slide background

Манай бахархал

ӨӨЛДИЙН ХАРЛАГ ТУГ Галдан бошигт хааны цэргийн сүр хүчний бэлэгдэл, дайн тулалдаанд хэрэглэхдээ тахин дээдэлж байсан харлаг туг Өөлдийн Бишрэлт бэйлийн хошуунд 1930-аад оны дунд үе хүргтэл Зуугийн сүмд хүндэтгэлтэй хадгалагдаж байжээ. Нутгийн хөгшчүүлийн хууч яриагаар Харлаг тугийн “Дог” байнгын ууттай, хадаг яндар бүхий даг дайртай сүрлэг зүйл байсан гэдэг.Харлаг тугийг тэр болгон ил гаргаж нийтэд үзүүлэдэггүй. Харин жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3-нд сумын ноён, бараа бологч нарынхаа хамтаар Харлаг тугийг салхилуулдаг байжээ. Харлаг тугийн тахилга хатуу учир дайн тулаанд орохын өмнө амьтныг золигт гаргаж цусаар нь тахидаг байжээ. Тиймээс “Дог” нь даг дайртай байсан нь үнэн бололтой. Харлаг тугийг холын аянд авч явахдаа тугийн суурь бүхий эмээл тусгайлан бэлтгэсэн морьд байсан байна. Тугийн суурь бүхий эмээл нь хоёр бүүрэгнийхээ хооронд туг суулгах суурьтай, хээ хуар болсон цоохор бүүрэгтэй том эмээл Зуугийн сүмд тусгайлан хадгалдаг байжээ. Алтан зуугийн сүмд Өөлдийн ариун шүтээн Алтан зуу бурхан, Харлаг тугийг хүндэтгэн дээдэлж байсан нь үнэхээр Өөлдүүдийн гол шүтээнүүд мөн гэдэг нь нотлогдож байна. Өөлдийн харлаг туг 1930-аад оны дундуур алга болж сураг тасарсан боловч 1960-аад оны үед Батцэнгэл сумын орон нутгийн музейд байгаа яриа нутгийн иргэдийн дунд гарч байгаад сураг тасарсан. 1994 онд сумын Засаг дарга Ц.Дамдинжавын санаачлагаар Өөлдийн харлаг тугийг сэргээн залах ажил ажил Засаг Даргын Тамгын Газар болон иргэдийн дунд өрнөж нутгийн ахмад хүмүсийн аман болон хууч яриа домогт үндэслэн харлаг тугийн ерөнхий загвар, дүрсийг гаргаж тугийн “Дог”-ийг нутгийн хүү уран дархан Гэлэнцэрэнгийн Ганбаатар урлан бүтээж сүргийн манлай түмэн эхүүдийн хур дэл, мяндсан сүүлээр чимэглэж хийсэн. Харлаг тугийн иш модыг Баянбайшир уулынхаа Хустын нуруунаас өдөр судрыг үзүүлэн байж ёс бэлгийг гүйцээн өргөн хүндэтгэлтэйгээр авч Н.Түгжжав, Э.Болдсүх нар 2,1 метр ишийг бэлтгэн “Дог”-нд туг сүүлийг сүлжин татаж Харлаг тугийг бэлэн болгожээ. Харлаг туг залах их ёслолыг 1994 оны 7-р сарын 05-нд үйлдэж Шүтээн толгой дээр гэрэлт хөшөө босгож хүндэтгэл үзүүлсэн юм. Гэрэлт Хөшөөнд “Хүмүн олонд: Монгол улсынхаа тусгаар тогтнол, эе эвийг үеийн үед эрхэмлэн сахихтүн. Өөлдийн харлаг туг сэргээн залжих ёслол үйлдэв. 1994.07.05” хэмээн Монгол бичгээр бичиж нэгэн цаг үеийн түүх болгон мөнхлөсөн юм. Өөлдийн Харлаг тугийг 1994 оны 9-р сард Ховд аймагт зохион байгуулагдсан Галдан бошигт хааны 350  жилийн ойд Ховд аймгийн ИТХ, ЗДТГ-ын урилгаар залсан. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Цамбагарав хайрханы овоон дээр Их хаанд зориулсан Их тахилга болоход Харлаг тугаа залж хүндэтгэл үзүүлсэн.  \Ц.Дамдинжав. Архангай аймгийн Өлзийт сумын түүхийн товчоон номын 91-95 дахь тал\