Slide background
Slide background
Slide background

Манай сум Өлзийт

Архангай аймгийн Өлзийт сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Сайн ноён хан аймгийн Өөлд бэйсийн хошуу. Ямаат, Бодонт, Байшир, Хөшөөт гэсэн засаг захиргааны 4 нэгжтэй.  нийт 1079 өрхөд 3331 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Архангай аймгийн 19 сумаас 14-д, газар нутгийн хэмжээгээр 17-д ордог. Архангай аймгийн зүүн хэсэгт -Улаанбаатар хотоос 360 км,  -Аймгийн төвөөс 134 км зайд байрладаг. Архангай аймгийн Батцэнгэл, Хайрхан, Өгийнуур, Булган аймгийн Сайхан, Могод сумдтай хиллэдэг. Газарзүйн онцлог. Далайн төвшнээс дээш 1200 м өргөгдсөн, тал хээрийн бүсэд оршдог. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой. Цаг уурын нөхцөл. Хуурайдуу сэрүүн зунтай, хахир хүйтэн өвөлтэй. 1 дүгээр сарын дундаж температур -30,5 С, 7 дугаар сарын дундаж температур 18,4С, жилийн дундаж салхины хурд 9 м/с, жилийн хур тунадасны нийлбэр 318,4 мм, Сумын төв Архангай аймгийн хамгийн хүйтэн цэг юм. Газар нутаг. Нийт газар нутгийн хэмжээ 172034 га. Хөдөө аж ахуйн газар 166371 га-96.7% Ойн сан бүхий газар 4760га- 2.8% Усан сан бүхий газар 595 га -0.32% Тусгай хэрэгцээний газар 1га- 0.01% Тосгон, суурингийн газар 80.0га- 0.04% Дэд бүтцийн газар 227 га-0.13%-ийг тус тус эзэлдэг. Газар тариалан.Сумын хэмжээнд нийт 235 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 53,1 хувьд нь төмс, хүнсний ногоо, 46,9 хувьд бусад таримал ургамал тариалж байна. Зам тээвэр. Сумын газар нутаг дээгүүр мянганы замын хэвтээ тэнхлэгийн 10 км хатуу хучилттай авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог. Цахилгаан хангамж. Сум нь төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төвд дээр 1987 онд баригдсан 110/35/10квт-ын дэд станцтай. 2015 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр өргөтгөл хийгдсэн. Ус хангамж. Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 3 худгаас усыг шууд насосоор татан түгээж байна. Төвлөрсөн усан хангамжийн системд холбогдсон айл өрх, аж ахуйн нэгж байхгүй. Дулаан хангамж. Сумын төвд Эрүүл мэндийн төв, Хүүхдийн цэцэрлэг, Сургууль болон дотуур байр, Засаг даргын тамгын газрын барилга харьяандаа тус бүр бага оврын зуухтай байна. Боловсрол. Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 25 бүлэгт 618 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 20 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 99,7 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 96,9 хувьтай байна. Төрийн өмчийн цэцэрлэг, нүүдлийн цэцэрлэгт нийт 242 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 84,6 хувьд хүрсэн. Мал сүргийн бүтэц. Сумын хэмжээнд  242909 малтайгаас 311 тэмээ, 18239 адуу, 16414 үхэр, 134349 хонь, 73596 ямаа байна. Нийт мал сүрэгт тэмээ 0,12 хувь, адуу 7,5 хувь, үхэр 6,7 хувь, хонь 55,3 хувь, ямаа 30,2 хувийг тус тус эзэлж байна.