ХӨШӨӨТ БАГ

Өрнөл нэгдлийн дэргэд 1959 онд Үйлдвэр бригад нэртэй байгуулагдсан. Үйлдвэр бригад нь тухайн үедээ туслах үйлдвэрлэл эрхлэх, барилга барих, тоосго үйлдвэрлэх, шохой шатаах, оёдол хийх, гахай үржүүлэх, газар тариалан эрхлэх зэрэг ажлуудыг голлон эрхэлдэг байв. Хөшөөт багийн нутгийн хил нь хойд талаараа  Цагаан нуурын гарамнаас зүүн тийш холбоо, Шувуут нуураар савлан Орхон гол хүрч хойд Хадан хошууны чанх баруун талаас Орхон голоор савлан Хархираан багалзуур хүрнэ. Түүнээс Хархираа голоор савлан дунд гарам хүрч баруун хойш эргэнэ. Цагаан толгойн өврийн худагт хонхороор дайрч Их бумба, Бага бумбын хойд нуруугаар Бодонт, Байшир багуудтай хиллэнэ. Багийн газар нутгийн нийт хэмжээ 5419 га.  2023 оны жилийн эцсээр 273 өрхийн 785 хүн амтай. 45679 толгой мал тоолуулсан.